НҮБХХ-ийн зүгээс МОНГОЛ НООЛУУРЫГ ТОГТВОРТОЙ БОЛГОХОД ЧИГЛЭСЭН САНААЧИЛГА, ШИЛДЭГ ТУРШЛАГУУДЫГ дэмжин ажиллаж байна.

November 15, 2023



Улаанбаатар – 2023 оны 11 сарын 13:

Анх удаа зохион байгуулагдсан “Тогтвортой ноолуурын өдөр-2023” арга хэмжээнд төр, хувийн хэвшил, малчид, малчдын байгууллага, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд, худалдан авагчид оролцож, текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн чиг хандлага, Монгол ноолуурыг тогтвортой болгоход чиглэсэн хүчин чармайлтын талаар хэлэлцлээ.

НҮБХХ-ийн дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформ болон Уур амьсгалын Ногоон Сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл хамтран Монгол Улсад анх удаа “Тогтвортой ноолуурын өдөр – 2023” өдөр арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулах чиглэлээрх Монгол Улсын зорилго, зорилтууд болон мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, байгальд ээлтэй бүтээгдэхүүний  зах зээлийн эрэлт хэрэгцээ, ач холбогдлын талаар хэлэлцэв.

Тус арга хэмжээ нь байгальд ээлтэй тогтвортой ноолуурын талаарх ойлголтыг олон нийтэд таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, салбарын сайн туршлагыг түгээн сурталчлах зорилготойгоор зохион байгуулагдсан юм.

Нэг сая орчим малчдын амьжиргааг тэтгэж, олон улс дахь Монголын бренд болсон ноолуурын салбар нь хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг бүрдүүлж, эдийн засгийг солонгоруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

“Тогтвортой ноолуурын өдөр – 2023” өдрийг угтан Монголын Тогтвортой Ноолуурын Платформын зүгээс Монгол Улсад мөрдөгдөж буй мал аж ахуйн бодлого, тогтвортой ноолуурын стандартыг хангаж тодорхой ахиц дэвшил гаргасан малчид, малчдын байгууллага, хоршоо болон ноолуурын салбарын үйлдвэрлэгчдийг дараах төрлөөр шалгаруулсан билээ.  

Малчид болон малчны байгууллагуудаас:

  • Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлж буй хоршоо
  • Өвлийн бэлтгэл буюу малын тавлаг байдлыг хангасан малчин өрх
  • Малын үүлдэр угсаа, түүхий эдийн чанарыг сайжруулсан малчин өрх
  • Залуу малчин 

Ноолуурын үйлдвэрүүдээс:

  • Эрчим хүчний зохистой хэрэглээг нэвтрүүлсэн шилдэг байгууллага
  • Усны зохистой хэрэглээг нэвтрүүлсэн шилдэг байгууллага
  • Хог хаягдлын менежментийг нэвтрүүлсэн шилдэг байгууллага
  • Нийлүүлэлтийн сүлжээг сайжруулсан, малчидтай хамтран ажилладаг байгууллага  

зэрэг байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж буй салбарын үйлдвэрлэгчид болон малчидтай гэрээ байгуулж хамтран ажилладаг ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг сайжруулахад хувь нэмэр оруулж буй компанийг тус тус тодруулсан.

Мөн тус арга хэмжээний үеэр ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний оролцогч талууд болох малчдын төлөөлөл, хоршоод, ноолуурын үйлдвэрүүд, салбарын мэргэжилтнүүд мөн ХХААХҮЯ, БОАЖЯ-ны холбогдох газрын төлөөллүүд оролцож уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуй, тогтвортой ноолуурын бодлого, зорилт, сорилтын талаар хэлэлцэн, салбарын сайн туршлагыг онцлов.  

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй АДАПТ төсөл, Английн Teкстиль Эксчейнж ТББ, Консинее групп компани хамтран зохион байгуулагчаар оролцлоо.