“Ноолуурын эртэч” цуврал уулзалт

May 10, 2023

Монголын Тогтвортой Ноолуурын Платформ нь ээлжит “Ноолуурын эртэч” цуврал уулзалтаа “Ноолуур бэлтгэл ба гурван талт хамтын ажиллагаа, ноолуурын үнэ цэнэ” сэдвийн дор зохион байгууллаа. Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо, Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, төрийн бус байгууллага, стандартчилал, итгэмжлэл, мониторингийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл өргөнөөр оролцлоо.

ТННЭ-ийн Үндэсний зохицуулагч С.Вандандорж TННЭ-ийн үйл ажиллагааны талаар танилцуулж, ноолуур бэлтгэл, гурван талт хамтын ажиллагаа ба энэ жилийн ноолуурын үнийн талаар мэдээлэл хуваалцлаа. ТННЭ-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, малчдын байгууллагуудад тулгардаг асуудлуудын талаар мөн дурдав.

Тэрээр, “Малчдын байгууллагыг чадавхжуулах нь удаан үйл явц бөгөөд урт хугацаанд үр дүн гардаг. ТННЭ-ийн зүгээс малчдын байгууллагууд болон гишүүдийг нь чадавхжуулах олон сургалтуудыг зохион байгуулдаг. Малчдын байгууллагын бүтэц зохион байгуулалт, санхүүгийн тайлагнал зэргийг сайжруулах шаардлагатай байгаа” гэдгийг С.Вандандорж хэлэв.

Уулзалтад оролцогч талууд дараах асуудлуудыг ХХААХҮЯ-ны төлөөлөлд уламжлав:

  • Түүхий эд бэлтгэлийн явцад Е-баримт шивэх асуудал хүндрэл учруулж байгаа бөгөөд үүнийг сумын удирдлагатай хамтраад ажиллахад дөхөмтэй байна. Үүнийг шийдэхэд иргэний үнэмлэхний кодыг Е-баримт шивэх кодтой нэгтгэх талаар ХХААХҮЯ-наас ажиллаж байна. Татвараас чөлөөлөх, үе шаттай бүргэлжүүлэх ажлыг сайжруулах хэрэгтэй байна.
  • Улсаас хоршооны бүтэц зохион байгуулалтыг дэмжиж байгаа тул малчдын бүртгэлийг улсын бүртгэлтэй тулгаж бүртгэлийн ажлыг сайжруулах хэрэгцээ байна. Хоршооны гишүүдийн бүртгэлд ороогүй, зөвхөн хоршооны дарга гэх мэт хүмүүс бүртгэлтэй, үүнийг баталгаажуулалттай холбох хэрэгцээ байна.
  • Ямар хоршоог баталгаажуулаад буйг нээлттэй болгох хэрэгтэй байна. Түүнчлэн аудит хийж буй үзүүлэлтүүлийг тодорхой болгох хэрэгтэй, нэгэнт шаардлага хангаад баталгаажуулалт авсан хоршоог малчдын зээлийн асуудалтай холбох боломжтой байна.
  • Хоршоог чадавхжуулах, чадамжийн сургалтыг зөвхөн чанартай ноолууртай хэсэгт биш Монгол улсын хэмжээнд явуулахад анхаарал хандуулах хэрэгтэй байна.
  • Малчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлуудад анхаарал хандуулах нь зүйтэй байна.
  • Баталгаажуулалт, стандарттай, мөн хоршоо байгуулах, гишүүн элсүүлэхтэй холбоотой мэдээллийг илүү нээлттэй, малчдад хүртээмжтэй болгох хэрэгтэй байна.